Хүн бүр байгалиасаа тодорхой хэмжээний үсний уутанцартай төрдөг. Энэ тоо хэмжээ нь мэдээж хэрэг генетикийн түвшинд “программчлагдан” ирдэг бөгөөд үүнийг бид яаж ч өөрчилж чадахгүй. Гэхдээ үсний тоо ширхэг хэвийн хэмжээнээсээ огцом буурч, уналт (алопец), шингэрэлт явагдах нь маш олон шалтгаантай. Тухайлбал дааврын өөрчлөлтүүд, эмийн хэрэглээ, удамшил зэрэг эрүүл мэндийн шалтгаануудаас гадна, стресс, гадаад орчны хүчин зүйлс, буруу арчилгаа зэргээс болж үс унаж, халзарч, шингэрдэг болохыг Medical News Today онцолсон байдаг. Ерөнхийдөө хүний үсний ойролцоогоор 85% идэвхтэй ургалтын явцад оршдог бөгөөд үүнийг анаген үе шат хэмээн нэрлэдэг. Үлдсэн 15% нь телоген буюу ургалт зогсдог хэвийн үе шат юм. Үүний дараа үсний уутанцрууд ойролцоогоор гурван сарын хугацаанд идэвхгүй төлөвт шилждэг ба дараа нь мөчлөг дахин давтагддаг. Хүнээс өдөрт багахан хэмжээний буюу дунджаар 100 ширхэг үс унах нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хувьд хэвийн хэмжээнд тооцогддог. Харин дээр дурдсан шалтгаанууд үс ургалтын хэвийн мөчлөгийг алдагдуулж, хэвийн хэмжээнээс илүү их үс телогенийн үе шат руу шилжин, үс унаж халзaрч эхлэхэд мэргэжилтэнд хандан арга хэмжээ авах хэрэгтэй юм.

Стресс

Стресс, бухимдал нь хүний бие организм дахь тестостероны хэмжээг нэмэгдүүлснээр үс ургалтын мөчлөгийг тасалдуулдаг. Мөн хялгасан судсанд очих цусны эргэлтийг удаашруулж, үсний уутан хальс тэжээл, хүчилтөрөгчөөр дутагдаж эхэлснээр үс унаж эхэлдэг.

Эрүүл мэндийн асуудлууд

Бамбай булчирхайн эмгэг, жирэмслэлт, төрсний дараах үетэй холбоотой дааврын өөрчлөлтүүд, цэвэршилт зэрэг эрүүл мэндийн өөрчлөлтүүд үс унахад хүргэдэг.

Экологийн хүчин зүйлс

Агаар, усны бохирдол, хлор, минерал, металл зэрэг нь хуйханд шингэж, үс уналт, шингэрэлтэд нөлөөлдөг. Мөн бие организм дахь токсин үс унах шалтгаан болдог байна.

Эмчилгээний хор нөлөө

Үсний уутан хальс нь бие физиологийн өөрчлөлтүүдэд маш эмзэг байдаг. Дааврын болон химийн эмчилгээ, стероид, даралт, зүрх судас болон чихрийн шижин өвчний эм нь үс уналтад нөлөөлнө.

Хооллолт

Үсний эрүүл мэнд дотроос эхэлдэг тул таны өдөр тутамдаа идэж буй зүйлс үсний чанарт маш чухал үүргийг гүйцэтгэдэг. Амьтны гаралтай өөх тос их хэмжээгээр идэх, огцом жин хасах, тэнцвэргүй хооллолт зэрэг нь амин хүчил, биотин, төмөр, уураг, цайрын дутагдалд оруулдаг. Тэгвэл эдгээр элементүүд нь үсний эрүүл байдалд нэн чухал үүрэгтэй.

 173 нийт үзсэн,  7 өнөөдөр үзсэн


Нийтлэлүүд

Сэтгэгдэл үлдээх